-Нөхөн сэргээлт хангалттай хийгээгүйн улмаас ийн хордох болжээ- Хуучнаар Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар Хятадын "Петрочайна дачин тамсаг" компанийн хооронд 2006 оны тавдугаар сарын 26-нд байгуулсан "Бүтээгдэхүүн хуваах гэрээ"-г Монгол Улсын Засгийн газрын мөн оны долдугаар сарын 19-ний өдрийн 170 тоот тогтоолоор баталснаар хятадууд манай улсад газрын тосны хайгуул, олборлолтын ажлаа эхлүүлсэн түүхтэй. Үүнээс хойш тус компани Дорнод аймгийн Матад, Халх гол сумын 25 мянган километр газарт хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь газрын тосны баялгаар дэлхийд тэргүүлэгч Катараас хоёр дахин том, Европын Бельги улстай ижил хэмжээний нутаг дэвсгэр гэсэн үг. Харамсалтай нь тус компани болон түүний туслан гүйцэтгэгч хятад компаниуд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш хууль зөрчлөө гэсэн хэл амнаас огт салаагүй гэхэд болно. Тэр дундаа байнга хөндөгдөж ирсэн асуудал нь байгалийн нөхөн сэргээлт байсан. Үүнд нь мэргэжлийн байгууллагууд удаа дараа шаардлага тавьж байсан хэдий ч зөрчлөө арил галгүй өдийг хүрсэн. Хамгийн хачирхалтай нь их хэмжээний мөнгөөр нөхөн сэргээлт хийсэн гэх хуурамч актан дээр Монгол Улсыг төлөөлөн Газрын тосны газрын удирдлагууд гарын үсэг зурж, хүлээн авсан байдаг. Тэгэхээр манай улс хятадын компанид нөхөн сэргээлт дахин хий, байгаль орчин бохирдсон байна гэж хэлэх эрхгүй болсон гэсэн үг. Цооногуудаас шавхсан хортой усыг шууд хөрсөнд шингээж байжээ Эквадорын Амазонд газрын тосны компаниуд олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулаад нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас дараа нь тэнд амьдарсан олон хүн хорт хавдар болон химийн хорноос үүдэлтэй өвчин тусч амь нас, эрүүл мэндээрээ хохирч байсан гашуун түүх бий. Манайд ч ийм түүх давтагдахгүй гэх баталгаа алга. Ингэж хэлэхийн учир нь Буйр нуур бохирдоод эхэлж буйг байгаль орчны хяналт шинжилгээний мэргэжилтнүүд тогтоосон байна. Бүр албан бичиг үйлдэн тус компани болон холбогдох газруудад нь хүргүүлсэн аж. Түүнчлэн уг бичигт цооногуудаас шавхсан хортой усыг шууд хөрсөнд шингээх нь аюултай. Тиймээс цаашид хөрсөнд хаяхыг хориглох хэрэгтэй гэсэн байв. Учир нь тус компани байгаль орчны тайлан дээрээ дээрх усыг тоосжилтыг дарах зорилгоор зам дээр асгадаг хэмээн бичсэн байжээ. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хийсэн шалгалтын тайланд энэ талаар дэлгэрэнгүй дурьдсан байлаа. Үүнд, Дорнод аймагт газрын тосны хайгуулын өрмийн 368, үйлдвэрлэлийн шингэн хаягдлын 20 гаруй санг саармагжуулж, хоргүйжүүлэхгүйгээр шууд шороогоор булж, хүн ам, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлыг тус компани үүсгээд байна. Тодруулбал, "Петрочайна дачин тамсаг" компани газрын тосны хуулийн зарим заалтыг ноцтой зөрчиж суурингийн ахуйн болон бусад бохир усыг хөрсөнд шууд асгадаг нь баримтаар нотлогдсон байна. Суурин газар нь цэвэрлэх байгууламжгүйн улмаас бохир усыг цооногт цуглуулан төвөөс зүүн тийш есөн км орчимд зөөвөрлөн ил задгай асган хөрсөнд шингээснээс агаар болон хөрсийг бохирдуулж, улмаар нэг га орчим газрын өвс ургамал мөхөж, нам газартаа бохир ус нь тунасан байгааг холбогдох зураг, баримтуудаас харж болохоор байна. Түүнчлэн тус аймагт үйл ажиллагаа явуулж буй компаниудад ямар ч эрхзүйн бүтэц, зохион байгуулалт байдаггүй нь мэргэжлийн байгууллагууд тодорхой арга хэмжээ авахад хүндрэл учруулдаг байна. Тухайлбал, өрмийн хаягдлын сан тус бүрийг хэдийд буй болсон, ямар хэмжээ, найрлагатай хаягдал болох, ямар химийн бодисоор хэдийд, технологийн ямар горимоор саармагжуулан, хэн ямар арга, аргачлалаар дээж авч, хоргүй болж саармагжсаныг нь тогтоосон, орон нутаг хүлээн авсан зэрэг ямар ч бичиг баримт байхгүй байжээ. Ер нь ийм бичиг баримт байх үндэслэл ч байхгүй гэдгийг хэлж байсан. Учир нь дээрх харилцааг зохицуулсан техникийн бичиг баримтууд одоо болтол боловсруулагдаж гараагүй байна. Мөн тус компанийн үйлдвэрлэлийн бааз, өрөмдлөгө, олборлолтын үйл ажиллагаанд илэрсэн зөрчлүүд нь ажилчин, албан хаагчид, нутгийн ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажиллах эрхийг зөрчиж байгаа юм. Мөн осол гарч хүрээлэн буй орчинд гамшиг дагуулсан ноцтой хор хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсэн байна. "Петрочайна дачин тамсаг" компани гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин МУ-ын хууль тогтоомжийг мөрдөөгүй, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагаас тавьсан шаардлагыг огт биелүүлээгүй талаар албаны эх сурвалж өгүүлж байсан. Үргэлжлэл бий |