Хамгийн ойрын хөрш Хятад улсад бид визгүй зорчдогийг хүн бүхэн мэднэ. Тэгвэл одоогоор Монгол улсын иргэд, Белорусь, Гонконг, Гүрж, Израиль, Куба, Хятад, Казахстан, Лаос, Макао, Малайз, Молдав, Сингапур, БНАСАУ, Тажикистан, Туркменистан, Украин, Филиппинд визгүй, АНУ-д хоёроос арван жилийн олон удаагийн визтэй, дипломат болон албан паспорттай иргэд Болгар, Вьетнам, Индонез, Мексик, ОХУ, Румын, БНСУ, Словак, Тайланд, Турк, Унгар, Чех, Чили, Энэтхэгт визтэй зорчиж байгаа аж. Гадаадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах нь дипломат болон консулын албаны эрхэм зорилго байдаг. Манай улс энэ чиглэлээр Консулын харилцааны тухай 1963 оны Венийн конвенцид нэгдэж орсон, 20 улстай эрхийн туслалцааны гэрээ, дөрвөн улстай гэмт этгээдийг шилжүүлэх гэрээ, 15 улстай консулын байгуулсан аж. Гадаадын 26 оронд 24 элчин сайдын яам, хоёр консулын төлөөлөгч, 30 оронд манай 52 өргөмжит консул тус тус ажиллаж байна. Консулын алба нь иргэдийн хувийн, бизнесийн болон бусад ашиг сонирхол, соёл боловсрол, хүмүүнлэгийн хэлхээ холбоог дэмждэг, хүнд суртал, нүсэр бичиг цаасны шаардлагыг багасган паспорт,визний үйлчилгээг онлайнаар үзүүлдэг болох иргэдэд хаанаас ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэтээр дамжуулан бүрэн мэдээлэл өгч, олон улсын стандартад нийцсэн паспорт виз ашигладаг, консулын байгууллага бүр олон нийтэд үйлчлэх цэг болсон байхыг зорьж байгаа аж. Консулын газар www.consuls.net гэсэн консулын тусгай вэб сайт нээж түүгээрээ дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэх, зөвлөгөө өгөх, ярилцлага явуулах ялангуяа иргэдийн өргөдлийг онлайнаар хүлээн авч хариу өгч байхаар болсон байна. Энэ нь и-засаглал гадаад харилцааны яаманд хэрэгжиж эхэлж буйн жишээ болж байна гэж үзэж байгаа юм. Харин консулын албанаас энэ онд Тайландтай энгийн паспорттай иргэд визгүй зорчих хэлэлцээр байгуулах, ОХУ-тай иргэд зорчих нөхцлийн тухай 1995 оны хэлэлцээрт заасны дагуу зарим иргэдийг визгүй зорчуулах, ОХУ-д 30 хүртэлх хоногоор зорчих монгол иргэдийг паспортын бүртгэлд хамруулахгүй байх, хятад улстай иргэд зорчих болон хилээр нэвтрэх нөхцлийг хөнгөвчлөх, БНСУ-тай визийг 90 хүртэл хоногоор олгож нэгэн л виз олгосон бол хилээр саадгүй нэвтрүүлж байх, Казахстантай Засгийн газар хоорондын гэрээний дагуу сурч буй оюутнуудад олон удаагийн визийг хураамжгүй олгох зэрэг ажлуудыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Мөн Казахстантай Монголын иргэдийг ОХУ-ын нутаг дэвсгэрээр визгүй дамжин өнгөрүүлэх, Германы ЭСЯ-тай Монгол иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх, Унгарын хууль зүй дэг журмын яамны харьяа Цагаачлалын албаны дарга манайд айлчлахад нь Унгарын виз авахад тохиолдож буй бэрхшээл чирэгдэлийг багасгах талаар яриа хэлэлцээр хийж байгаа гэнэ. Саяхнаас иргэдэд олон улсын стандартад нийцсэн "infacio" технологиор хэвлэсэн паспорт олгож эхлээд байгаа аж. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх талаар Казахстан, Орос, өмнөд Солонгос, Хятадтай хоёр талын, Казахстан, Оростой гурван талт консулын зөвлөлдөх уулзалт зохион байгуулж Макаод консулын төлөөлөлтэй болохоор ярилцаж байна. ДОРНОД ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ |