Ардын Засгийн газрын 1931 оны 11 сарын 6-ны өдрийн тогтоолоор Хан хэнтий уулын аймгийг өөрчлөн Дорнод аймгийг байгуулсан. Дорнод аймаг тал хээр болон ойт хээр хосолсон 123.5 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай, хойд талаараа ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар, зүүн талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган аймгуудтай хиллэдэг, Баруун урд, баруун талаараа Сүхбаатар, Хэнтий аймгуудтай хиллэдэг. Тус аймгийн нутаг нь Далайн түвшнээс дээш 560-1300 м өргөгдсөн ухаа, гүвээ бүхий тал нутаг юм. Нутгийн Зүүн өмнөд хэсэгт Мэнэн, Тамсаг, Матадын өргөн талуудтайгаас гадна Дорнод талын үзэсгэлэн болсон Буурь нуур, Хөх нуур зэрэг томоохон нуур цөөрмүүдтэй. Халх-Нөмрөгийн, Дорнод Монголын, Монгол Дагуурын дархан цаазат, Угтам, Тосон-Хулстайн байгалийн нөөц газар, Онон-Балжийн байгалийн дурсгалт газруудтай. Тус аймгийн Өвөг дээдсийн түүхийг өгүүлсэн X-XI зууны Киданы үеийн Хэрлэн бар хотын туурь, Хэрмэн зам, XI зууны үед хүний гараар бүтээгдсэн Утай таван уул, Их бурхант, Хүн чулуунууд, Угтамын хийдийн тууриудаас гадна 1939 оны ялалтын хөшөөнүүд зэрэг түүхийн дурсгалт газрууд олонтой. Тус аймаг засаг захиргааны 14 нэгж, 58 багтай, халх, буриад, барга, үзэмчин зэрэг ястанаас бүрдэх 75.0 мянган хүн амтай, үүнээс 51 гаруй хувь нь Чойбалсан хотод амьдарч байна. Хүн амын 70 хувийг 35 хүртэлх насны хүүхэд залуучууд эзэлдэг. Тус аймагт ерөнхий боловсролын 25 сургуульд 16800, 25цэцэрлэгт 30000 хүүхэд суралцаж, хүмүүжиж, 900 гаруй багш ажиллаж байна. Дорнод Монголын дээд сургууль, ШСТТС, МСҮТ зэрэг их дээд, тусгай дунд сургуулиудад 1000 гаруй оюутан, сурагч суралцаж байна. Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 172 төсвийн байгууллагад 3779 төрийн албан хаагч ажиллаж байгаагаас 88 нь улс төрийн албан хаагч, 212 нь төрийн захиргааны албан хаагч, 312 нь төрийн тусгай албан хаагч, 3167 нь төрийн үйлчилгээний албан хаагч байна. үүнээс боловсролын салбарт 1507, эрүүл мэндийн салбарт 812 албан хаагч байна. МУИХ-аас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлахдаа Дорнод аймгийн төв Чойбалсан хотыг бүсийн тулгуур төв байхаар заасан. ДБЭХС ХК, Адуунчулуун ХК, Дорнод Гурил ХК, Махны үйлдвэрлэл худалдааны ДОРНОД ХК, НИК, Гаалийн газар, НААҮГ, ЗБОЭТөв, зэрэг бүсийн хэмжээний томоохон үйлдвэр АА-н нэгж газруудтай. 2006 оны эцсийн мал тооллогоор 22 жилийн дараа 1113.3 мянган мал тоолуулж сая малтай болсон бөгөөд, үүнээс тэмээ 6.3, адуу 135.0, үхэр 106.4, хонь 527.3, ямаа 338.3, мянга тоологдож малын тоо өмнөх оныхоос 134.8 мянган толгойгоор өсөв. Мянгат малчин 99 байна. Дорнод аймаг нь үйлдвэрлэл хөгжсөн зүүн бүсийн тулгуур төв болон өргөжиж байна. 13 сум төвлөрсөн эрчим хүчинд холбогдсон, 1 сум сэргээгдэх эрчим хүчээр хангагдсан. Төмөр замын Баянтүмэн тасгаас ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар, БНХАУ-ын Манжуур хотоор дамжин Европ, Зүүн хойд Азийн орнуудтай харилцах боломжтой. ОХУ-тай хилийн байнгын 2, БНХАУ-тай улирлын чанартай 2 боомт ажиллаж байна. Мөн Түмэн Гол төслийн хүрээнд Чойбалсан хотыг БНХАУ-ын Рашаант хоттой төмөр замаар холбох талаар судалгааны ажлууд хийгдэж байна. Цагт 60 хүнд үйлчлэх олон улсын нисэх онгоцны буудалтай. Америк тив хойд туйлаар дамжин Зүүн өмнөд Азитай холбогдох SOLOK агаарын зам нь 1990 оноос ашиглагдаж эхэлсэн бөгөөд жилдээ 500 гаруй агаарын хөлөг тус аймгийн нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч байна. Мөн ОХУ-ын Чита, Краснокаменск хот, зүүн зүгт БНХАУ-ын Харбин, Манжуур, Хянган аймгийн Улаан хот, Хөлөнбуйр аймгийн Хайлаар хотын чиглэлд олон улсын иргэний агаарын хөлгийн зам нээх бүрэн боломжтой. Дорнод аймаг ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар, Агын буриадын автономит тойрог, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр , Хянган, Шилийн гол аймагтай нийгэм, соёл, эдийн засаг, худалдааны шууд харилцаатай. БНСУ-ын Пучён хоттой хамтын ажиллагааны харилцаа тогтоосон, Зүүн хойт Азийн эдийн засгийн хөгжлийн хүрээнд Түмэн бүс хөтөлбөрт оролцож байна. Мөн АНУ-ын Алъяск төвтэй олон улсын Умардын чуулганы гишүүн аймаг юм. |